Эзэн Богд Чингис хааны гэрэлт хөшөөний нээлтийн ёслол болов.

· 3 минут зарцуулна
Thumbnail

Монголын нууц товчоо болон Лувсанданзангийн “Алтан товч”, нэрт монголч эрдэмтэн Сайшаалын “Чингис хааны товчоон” зэрэг олон бүтээлд билэг дэмбэрлээр онцгойлон тэмдэглэгдсэн

Зуны тэргүүн сарын шинийн 16-ны Улаан тэргэл өдрийг тохиолдуулан Чингис хаан нэрэмжит Их засаг их сургуульд Оюутны цэцэрлэгт хүрээлэн, Их Засаг хуулиа өлгийдөн авч, өргөн барьсан Эзэн Богд Чингис хааны гэрэлт хөшөөний нээлтийн ёслол болов.

“Их Засаг” хууль баталсны 818 жил, Их засаг Их сургууль байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Их хурал Засгийн газрын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал нарын хүндэт зочид уригдан оролцож хүндэтгэл үзүүлэв. Нээлтийн ёслолыг нээж, ИЗИС-ийг үүсгэн байгуулагч, ректор, Монгол Улсын Ардын багш, Түүхийн шинжлэх ухааны доктор профессор Намсрайн Ням-Осор үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: Их засаг их сургуульдаа Их Засаг хуулийн өргөө, төв номын санг байгуулж, сургууль байгуулагдсаныхаа 30 жилийн ойд зориулж нэрт эрдэмтэн судлаачдын 30 боть бүтээлийг дээдлэн залах болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн Их засаг хууль судлалд гарамгай амжилт гаргасан дотоод гадаадын эрдэмтэн судлаачдыг алдаршуулахад онцгой анхаарч Их засаг хуулийн нэрэмжит шагнал бий болгож урамшуулах ажээ.

Монгол Улсын Ардын багш, доктор профессор Н.Ням-Осор Их Засаг хуулийг судлахад олон жилийн уйгагүй хөдөлмөрөө зориулж, 5 боть бүтээл туурвиж, босоо монгол бичигт хөрвүүлэн буулгаж хэвлүүлсэн ба Англи, Орос хэлээр орчуулан уншигч олны гар дээр тавьсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод төслийн хүрээнд шинээр байгуулагдаж буй Их Засаг Их сургуулийн оюутны цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэн боссон Чингис хааны энэхүү гэрэлт хөшөө нь зөвхөн Монгол төдийгүй, хүмүүн төрөлхтөнд төрт ёсны хууль эрх зүйн гайхамшигт билэгдэл болсон оюунлаг утгаараа сэлэм жад, нум саадаг агссан бусад түгээмэл хөшөөнүүдээс ялгарах онцлогтой юм. Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын ардын жүжигчин Түвшинжаргал “Эртний сайхан” дуугаараа, Гавьяат жүжигчин Хонгорзул ”Уяхан замба тивийн наран” дуугаараа ая барьж, олны сонорыг мялаав. Зочид төлөөлөгчид ИЗИС-ийн хичээлийн байр танхим, кабинет лабораторитой танилцаж, багш оюутнуудтай уулзаж ярилцав. Монгол Улсын БШУ-ны сайд Л.Энх-Амгалан улс орны боловсролын салбарын салбарын хөгжилд хувийн хэвшлийн сургуулиуд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд нийслэл хотын зүүн, баруун хоёр жигүүрт кампус хэлбэрээр өргөжиж, боловсролын цогц үйлчилгээг үзүүлж, оюутан суралцагчдад өвтэгш хүмүүжил олгох талаар үлгэр жишээ болж буй ИЗИС-ийн бүтээлч хамт олонд гүн талархал илэрхийлж, шинэ их амжилт олохыг хүсэн ерөөв.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС